Цаг үеийн мэдээ

Эгэл жирийн төлөв даруу хүмүүжилтэй, спорт гэхээр нүдэнд нь оч асан гэрэлтэх охиныг Г.Гоомарал гэдэг. Тэрээр 2022 оны хоёрдугаар сараас жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлжээ.

Олон төрлийн спорт болон дугуйланд явдаг байсан ч хамгийн дуртай спорт минь жүдо бөх. Сампингийн дугуйланд ээжийнхээ шахалтаар явж байсан. Тоо бодоод суухаар толгой их өвддөг. Нэг удаа сампингийн дугуйланд явах замдаа "Цагаан барс" клуб гэх хаягтай том цонхны цаанаа жүдо бөхийн бэлтгэл хийж буй хүүхдүүдийг ширтэж зогссоор дугуйлангаас хоцорч байсан хэмээн хуучиллаа.

Тэр цагаас хойш жүдо бөхөөр хичээллэхээр эрс шулуудаж, ааваасаа жүдо бөхийн клубт явуулж өгөхийг хүссэн аав ч зөвшөөрсөн. Жүдо бөх бол хүндлэлийн спорт. Хүнтэй зөв мэндэлж сурах, нийгмийн харилцаанд хэрхэн биеэ авч явах зэрэг хувь хүний зан төлөвт ихээхэн нөлөөлдөг гэж боддог. Би энэ спортоор хичээллэхээс өмнө утсаар их оролддог байсан. Одоо бол цаашид гаргах амжилтуудаа ахиулах зорилготой болсон.

2022 онд хичээллэж эхэлсэн ч олон уралдаан тэмцээнд хүч үзэж, чамгүй олон амжилтыг гаргаж клубтээ дээгүүр жагсаж байгаа гэнэ. "Эрдэнэт 2022" төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл, МУГТ Д.Нармандахын нэрэмжит тэмцээнээс мөнгө, Япон-Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан тэмцээнээс алт, Турк улсын Измит хотод зохион байгуулагдсан олон улсын хүүхдийн их наадамд оролцож, -28 кг-ийн жинд алтан медаль тус тус хүртжээ. 

Аав надад хэлэхдээ миний охин заавал алтан медаль аваарай гэж захиж байсан. Өрсөлдөгчөө ялаад медалийн тавцанд зогсож байх мөчид аавынхаа хүслийг биелүүлсэн гэж бодохоор нүдэнд нулимс цийлгэнээд уйлах гээд байсан. Миний хувьд медаль бол медаль өнгө нь хамаагүй. Хөдөлмөрөө үнэлүүлэх л хамгийн гоё.

Ямар нэгэн тэмцээнд уралдаан ороод медаль авахгүй үлдчихээр зүрх өвдөж гонсойдог. Тэр үед дараагийн удаад илүү их хичээх хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг ойлгож авдаг. Тэмцээнд оролцох үед аав болон дасгалжуулагч хамт олон маань үргэлж хамт байж, намайг дэмжиж, урамшуулдаг. Аав ээж маань миний хамгийн том дэмжигч. Медаль авах бүрд орилж, босож ирээд нулимстай нүдээр намайг тэвэрч, үнэрлэдэг. Надад урам өгч зоригжуулдаг. Мэх, техникээ сайн давтаад бэлтгэлээ сайн хийхэд амжилтад хүрнэ гэж боддог.

Улс эх орныхоо нэрийг өндөрт мандуулж, жүдо бөхийн дэлхийн аварга болон олимпын их наадмаас алтан медаль авах зорилготой. Зорилгынхоо төлөө тууштай хичээнэ.