Цаг үеийн мэдээ

2023 оны жүдогийн тэмцээн энэ сарын 27-нд Португалийн гранпригаар эхэлж, 12 дугаар сард Токиогийн  "Их дуулга"-аар өндөрлөнө. Хуваарьт нийт 14 чансааны тэмцээнээс гадна Дохагийн ДАШТ, тивийн аваргын тэмцээн багтжээ. Хуваарьт багтаагүй гэвэл Азийн наадам бий.

Тэгэхээр манай жүдочдыг 2023 онд 16 тэмцээн хүлээж байна гэсэн үг. Хоёр улс шинээр гранприд нэгдсэн. Тавдугаар сарын 25-27-нд Австрийн Линцэд, зургаадугаар сарын 2-4-нд Тажикистаны Душанбе хотод анх удаа жүдогийн гранпри болно. Энэ улирлын гол онцлог нь ДАШТ маш эрт буюу тавдугаар сарын 7-13-нд Дохад явагдана.  Дэлхийн аваргаас өмнө зургаан чансааны тэмцээн байгаагийн эхнийх нь энэ сарын сүүлээр Португалд болно. Дараа нь Их Дуулга тэмцээнүүд Парис (2-р сарын 4-5), Тель-Авив (2-р сарын 16-18), Ташкент (3-р сарын 3-5), Тбилиси (3-р сарын 24-26), Анталья (3-р сарын 31 – 4-р сарын 2) үргэлжилнэ. Олимпын чансааны оноо өгөх тул гараа болгон үнэ цэнтэй.

ДАШТ-ий дараа дээр дурдсан хоёр шинэ гранпри тэмцээн болоод зургадугаар сарын 23-25-нд Улаанбаатар "Их дуулга" тэмцээнтэй.

Наймдугаар сарын 4-6-нд Унгарт Мастерс тэмцээн явагдаж, 18-20-нд нь Загреб гранпри тэмцээн болно. Намрын анхны тэмцээн нь Бакугийн "Их дуулга". Энэ тэмцээн есдүгээр сарын 22-24-нд болох товтой байна. Харин 11 дүгээр сард Абу Даби, 12 дугаар сард Токиод "Их дуулга" болсноор 2023 оны тэмцээн уралдаан өндөрлөнө.