Цаг үеийн мэдээ

Бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшиж, түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээн 60 гаруй жил урлагийн салбарт зүтгэсэн жүжигчин МУГЖ А.Цэгмэдтэй цөөн хором ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Биднийг урилгыг хүлээн авсанд баярлалаа. Өсөж төрсөн нутаг, бага насныхаа тухай ярихгүй юу?

Би Завхан аймгийн Завханмандал суманд сумын нутаг Хүнгүйн голын эрэг, Нуга гэдэг газар төрсөн. Бага гасандаа их л сахилгагүй хүүхэд байсан гэдэг. 1955 онд 8 настайдаа зөнөг болсон хойноо сургуульд орж байсан. 

Анх хэрхэн урлагт хөл тавьж байсан бэ? 

Ардын жүжигчин Д.Мэндбаярыг их харж биширч явдаг байсан юм. Тэгсэн нэг өдөр тааралддаг юм байна. Жүжигчин болох хүсэл цухас цухас орж ирдэг байсан юм. Тэгээд зориглоод Ардын жүжигчин Г.Мягмарнаран бид хоёр Улсын Драмын эрдмийн театрт ямар ч цалингүйгээр 3 сар дагалдан гэж гүйсээр байгаад л удаа дараагийн шалгалтад нь тэнцэж 300 төгрөгийн цалинтайгаар жинхлэгдэж анх жүжигчин болох эхлэлээ тавьж байсан. 

Эмэгтэй хүн таны бодлоор ямар байх хэрэгтэй вэ?

Эмэгтэйчүүд эрчүүдийг заавал төгс байлгах гэж хичээдэг. 10 хуруу тэгш байхыг шаарддаг. Өөрийнхөөрөө байлгах гэдэг. Үгүй шүү дээ, 10 хурууны чинь 3-5 хуруу нь л тэгш байхад болно шүү дээ. Үлдсэн 5 хурууг нь эмэгтэй нь засна шүү дээ. Эмэгтэй нь ч өөрөө 10 хуруу тэгш байхгүй ч байж болно шүү дээ. Миний хадам ээж их чанга хүн байсан. Тиймдээ ч би  бэрүүддээ охин шигээ ханддаг. Би чинь хоёр хүүтэй. Би бэрүүдээ охин хүүхэд минь шүү гэж хандвал тэр айл гэр амгалан тайван сайхан байх юм шиг санагддаг. Дундаасаа хэд хэдэн хүүхэд төрүүлсэн нэг гэрийн эр эм хоёр гэдэг чинь нэг цул хүн шүү дээ. Нэг цул хүнийг хоёр хүн болгож салгаж харьцана гэдэг бол онцгүй санагддаг. Гэхдээ хожим бодоход миний хадам ээж надад их зүйлсийг зааж сургаж дээ гэж боддог.

Ханийнхаа тухай хуучилбал ?

Хүүхэд байхдаа би их радио сонсдог хүүхэд байсан. Одоо ч гэсэн миний нэг хүү радио нэвтрүүлэгч. Миний хань, миний хоёр хүүхдийн аав бол Монголын гайхалтай дуу хоолой болсон хүн байсан. Монголын ард түмэн маань мартаж чадахааргүй гайхалтай төрийн дуу хоолой хүн шүү дээ. Нөхрийнхөө хоолойг анх радиогоор сонсоод биширдэг байлаа. Энэ лавтай их олон хүүхдийн аав, ханагар сайхан хүн байхдаа гэж боддог байлаа. Тэгсэн сүүлдээ өөрөө эхнэр нь хоёр хүүхдийнх нь ээж болсондоо. 

Саяхан хүүхдүүдийн маань аав бурхан болоод явчихлаа гэхэд их хэцүү байлаа. Яг миний дэргэдээс 30,40 жилийн дараа миний энд байгаа орон зайг суга татаад явчхаж байгаа юм шиг болсон.

Таны хувьд хамгийн сайхан зүйл юу вэ?

Энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол уучлал. Тиймдээ ч би энэ шүлэгт их дуртай.

Гишгэсэн мөр болгонд минь аз тохиодоггүйг би ойлгосон

Гэгээ татуулж явахад минь атаархсан тэр хүмүүсийг ч би уучилсан

Гэрэл байдаг газар сүүдэр байдгийг би ухаарсан, цөмийг нь уучилсан

Яахав дээ, гэнэн залуу нас алдаа л биз

Уучлахгүй бол энэ уужим дэлхий чинь давчдаад 

Уушги зүрх дарагдаад байхаар нь би цөмийг нь уучилсан

Цаанаас минь байнга хайр ундардаг

Тиймээс энэ богинохон амьдралд нэгнийгээ уучилж амьдраарай гэж хэлмээр байна.

Таны хамгийн сайхан дүр ямар киноны дүр вэ?

Нийслэл хүүхэн киноны дүр бол миний хөгшин ээжийн дүр. Миний хөгшин ээж яг тийм хүн байсан гэдэг. Энэ дүрдээ маш их хайртай. Мөн би ард түмэндээ их баярлалаа гэж хэлье. Намайг Цэгмэд гэдэг нэрийг минь марттал "Ажаа, ажаа" гэдэг. Энэ бол ард түмний хайр.

“Ээжийнхээ ачийг яалаа даа” дуугаар ээждээ дуун өглөг барьж, цахим хуудаст нийтэлсэн нь олонд хүрсэн шүү дээ. Ээжийнх нь тухай дурсамжаар ярилцлагаа үргэлжлүүлье?

Би ээжийнхээ ачийг яалаа даа хэмээх дууг дуулсан гэвэл алдас болно. Аяламшаа болсон гэх юм уу. Тэр дуугаа клипжүүлээд ээжийгээ тоглуулж дүрсжүүлсэн юм. Одоо хааяа би тэр клипээ үзэхээр ээжтэйгээ уулзсан юм шиг болдог. Тэгэхээр залуучууд минь ээж, аав, эмээ, өвөөгөө амьд байхад нь дүрс дууг нь авч үлдэж байгаарай гэж захиж хэлмээр байна.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа 

Та бүхэнд бас баярлалаа.