Цаг үеийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Э.Өнөржаргал нойргүйдэлтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө өглөө.

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Э.Өнөржаргал: “Сүүлийн үед хүүхэд хөгшчүүд гэлтгүй нойргүйдэлд ихээр өртөх болсон. Мөн ковидын цаг үеийг даван туулсантай холбоотой мэдрэлийн эмгэгийн асуудал их байгаа. Дэлхий дээрх бүх амьтдын дундаас санаатайгаар өөрийнхөө нойрыг золиосолдог амьтан бол хүн. Нойр дутуу буюу 6 цагаас бага унтвал хорт хавдар тусах эрсдэл хоёр дахин нэмэгддэг.

Хорт хавдар нь олон шалтгаанаас үүддэг ч гол шалтгаануудыг нэг нь нойр. Мөн зүрхтэй холбоотой өвчлөл болон гормоны өөрчлөлт буюу эрэгтэй эмэгтэй аль ч хүмүүс нойр дутуу явснаас үүдэн бэлгийн үйл ажиллагааны дур хүсэлгүй болох зовууриуд үүсдэг.

Хүнд цадалтын төв, өлсөлтийн төв гэж байдаг. Тэгвэл 6 цагаас бага унтахад цадалтын төв нь сайн ажиллахгүй идэх дуршлыг төрүүлсээр байдаг. Үүнээс  үүдэн жирийн нойртой хүнээс  300 ккал илчлэгийг илүү авч таргалалт үүсэн цусан дахь сахрын хэмжээ ихсэж чихрийн шижин өвчлөлд өртөх магадлал ихэсдэг.

Мөн залуучуудын хувьд өсөлтийн гормон энэ үед их алдагддаг. Хүн унтах явцад нойр байнга солигдож  4-6 удаагийн цикл буюу мөчлөгт орж байдаг. Нойрны нэг удаагийн мөчлөг нь 90-120 минут үргэлжилдэг бөгөөд нэг мөчлөгийн хугацаа болон давтамж нь хувь хүний онцлог, нас, ажлын ачаалал, архины хэрэглээ зэргээс шалтгаалаад харилцан адилгүй хугацаатай байдаг. Эхний удаагийн мөчлөгт гүн нойр засал буюу өсөлтийн гормон болон бодисын солилцоо байнга ажиллаж байдаг, дараагийн 90 минутын  мөчлөг нь зүүдэлдэг үе. Энэ нь өдөржингөө авсан мэдээллээ тархиндаа цэгцэлж зүүдэлдэг үе байдаг. Тийм учраас нойр дутуу явах нь гол чухал нойрны мөчлөг алдагдаж өдөржингөө авсан мэдээллээ шөнө нь боловсруулж чадахгүй маргааш нь сэрээд стресст автуулдаг. Хүн унтах явцад ядралын даавар гэдэг зүйл алга болдог. Харин дутуу нойртой унтвал маргааш нь ядралын даавар нь хадгалагдан ажлын бүтээмж ч буурдаг” гэлээ.