Цаг үеийн мэдээ

Америкийн YouTube од MrBeast өнгөрсөн амралтын өдөр хийсэн бичлэгтээ харааны бэрхшээлтэй мянган хүнд хагалгаа хийж хорвоо ертөнцийг харах нүд бэлэглэсэн гэдгээ хэлжээ. 

Жинхэнэ нэрийг нь Жимми Дональдсон гэдэг ютүбчиний уг бичлэгийг 30 сая гаруй хүн үзсэн байна. Хараагүй болон бараг сохорч байгаа ч хагалгаанд орох эдийн засгийн боломжгүй мянган хүнд болор солиулах хагалгаа хийж өгчээ. Хагалгаа дууссаны дараа өвчтөнүүдийн өмнө нь хэрхэн хардаг байсан, хагалгааны дараа хэрхэн хардаг болсныг бичлэгээр бататган харуулсан байна. 

Мөн тэрээр бичлэгт орсон зарим өвчтөнд бэлэн мөнгөний хандив болон гарын бэлгээ өгчээ. Мянган хүнд хараа бэлэглэх хандивын аянд ютүбчин MrBeast-тэй мэс засалч, нүдний эмч Жефф Левенсон хамтран ажилласан байна. 

Нүдний эмч Левенсоны хэлснээр дэлхий дээр байгаа хараагүй хүмүүсийн тэн хагас нь ердөө 10 минутын хугацаанд үргэлжлэх хагалгааны дараа хараа орох бүрэн боломж байдаг гэдгийг хэлжээ. Дэлхий дээр болор цайснаас болж хараагүй болсон болон хараагаа бараг алдсан 200 сая орчим хүн амьдардаг байна. 

Өвчтөнүүдийг сонгохдоо орон гэргүй, амьдралын боломжгүй хүмүүсийн нэрсийг сайн дурын байгууллагуудаас цуглуулж гурван долоо хоногийн дотор мянган хүнийг хагалгаанд оруулжээ. Түүнчлэн Ямайк, Гондурас, Намибиа, Мексик, Индонези, Бразил, Вьетнам, Кени улсын иргэд багтсан байна. 

Эх сурвалж: CNN