Цаг үеийн мэдээ

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй Facebook цахим сүлжээ зар сурталчилгаа байршуулах үнээ нэмснээс ашиг орлого нь буурах эрсдэлтэй болоод байсан. Тэгвэл тус сүлжээг өнгөрөгч оны 12 дугаар сард дунджаар 2 тэрбум хүн өдөр алгасалгүй хэрэглэсэн тухай мэдээ компанийн ирээдүй гэрэлтэй хэвээр байгааг харуулсан явдал боллоо.

Марк Зукербэрг дэлхийн найман тэрбум хүн амын дөрөвний нэг нь сарын турш өдөр бүр Facebook ашигласан тухай мэдэгдэж, 2023 он үр өгөөжтэй жил байхыг зарлажээ. Уг мэдэгдлээс хойш хэдхэн цагийн дараа Facebook-ын толгой Мета компанийн хувьцаа 15 хувиар өссөн байна. 

Энэ жил Facebook зардлаа хэмнэхэд анхаарлаа хандуулан ажиллах ба 2022 онд буурсан ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилго тавьсан гэж Зукербэрг мэдэгджээ. Өнгөрсөн жил тус цахим сүлжээний ашиг орлого түүхэндээ анх удаа буурсан үзүүлэлтийг харуулсан юм. 

Мета компани өнгөрөгч жил оффисын талбайгаа багасгаж, нийт ажилчдынхаа 13 хувийг буюу 11,000 ажлын байрыг чөлөөлсөн. Мөн өнгөрөгч оны сүүлчийн улиралд тус компанийн ашиг орлого дөрвөн хувиар буурч 32,2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гэсэн ч энэ дүн шинжээчдийн таамаглаж байснаас арай дээр үзүүлэлт байсан гэж тайлбарлаж байгаа юм. 

Эх сурвалж: ВВС