Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний бөхийн холбоо, SPS Телевизүүд хамтран “Үндэсний Пепси Алтан цом”-ын төлөөх багийн барилдааныг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн 2022 оны 10-р сард  эхэлсэн энэхүү барилдаанд нийт 32 баг урьдчилсан 2 шатны өрсөлдөөнийг хийснээс шилдэг найман баг шалгарч, тойргийн барилдаанд оролцох эрхээ аваад байна.  Тэгвэл шилдэг найман багийн өрсөлдөөн 2023.02.01 өдөр Увс – Булган аймгуудын барилдаанаар эхэлж байна. Энэхүү барилдааны өмнө “Үндэсний Пепси Алтан цом”-ын барилдааныг зохион байгуулагчид аварга багийн шилжин явах Алтан цомыг танилцууллаа.

Цомын загварыг уран барималч, зураач МУСТА Ж.Түмэнчулуун гаргасан бол уран дархан Б.Алтангэрэл хагас жилийн хугацаанд бүтээн туурвисан байна. Үнэт чулуун суурин дээр Их Юань гүрний үеийн Алтан хундагыг байрлуулж, Идэр залуу дөрвөн аваргаар түшүүлсэн энэхүү Алтан цом нь 0.6 метр өндөр, 43 кг жинтэй бүтээгджээ.

Суурь

Алтан цомын суурийг хар ногоон өнгийн үнэт чулуугаар хийсэн нь Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ үүрд оршихыг бэлгэдсэн бөгөөд найман талт суурь нь Монгол орны дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн байна. Мөн чулуун суурийн 3 давхар үе нь Монгол бөхийн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийн бэлгэдэж, бүхий л цаг үед Монгол бөхийн дэвжээ хад чулуу мэт бат оршин байхын илэрхийлэл юм. Найман тал, 3 үетэй энэхүү чулуун суурин дээр нийт 24 ширхэг мөнгөн хавтанг байрлуулсан бөгөөд тал тус бүр дээр энэхүү Алтан цомын барилдаанд түрүүлсэн багуудын нэрийг сийлж, мөнхлөн үлдээх учиртай.

Идэр дөрвөн хүчтэн

Эх орны дөрвөн зүгээс ирж, нутаг усаа төлөөлсөн барилдаж байгаа шилдэг бөхчүүдийг Идэр залуу дархан аваргуудаар дүрсэлсэн байна. Спорт нь залуу насны илэрхийлэл байдаг учраас идэр залуу, гал цогтой дархан аваргуудыг уран бүтээлчид маань сонгон урлажээ.

Алтан хундага

Алтан цомын их биеийг Монголын эртний Юань гүрний ихэс дээдэс язгууртнуудын хэрэглэж байсан Алтан хундаганы загвараар бүтээсэн байна. Энэхүү Алтан хундагыг Сүхбаатар аймгийн нутгаас олдсон хэд хэдэн эртний хөшөө дурсгал дээр урласан байдаг бөгөөд өдгөө түүх археологийн баримтаар хэдийнээ батлагдсан байдаг байна. Мөн энэхүү алтан хундаганы дөрвөн талд, дөрвөн хүчтэнийг байрлуулсан нь Монгол бөхийн бүхий л цол чимгийг бэлгэдсэн утга агууламжтай юм. Алтан цом нь өөрөө дээшээ харсан сав. Монголчууд бид дээшээ харсан савыг эрт дээр үеэс бэлгэдэн ирсэн бөгөөд ямар нэгэн сайн сайхан зүйлсийг дээш харсан саванд тогтоон барина хэмээн үздэг. Тэгвэл энэхүү утга төгөлдөр Алтан цомдоо бид эр чадал, эрдэм ухаан, их амжилтыг үргэлж тогтоон барихыг бэлгэдэж байна.

Монголын Үндэсний бөхийн холбоо

SPS Телевиз