Цаг үеийн мэдээ

Канадын парламент Хятадын Шинжаан бүсээс 10,000 Мусульман Уйгур дүрвэгсдийг хоёр жилийн дотор Канадад суурьшуулах саналыг санал нэгтэйгээр дэмжлээ гэж Ройтерс агентлаг мэдээллээ.

Либерал намын гишүүн Самир Зуберигийн боловсруулсан уг хуулийн төслийг Канадын засгийн газар дагаж мөрдөх үүрэг хүлээхгүй. Гэсэн хэдий ч парламент санал нэгтэйгээр дэмжсэн тул Ерөнхий сайд Жастин Трюдогийн засгийн газар үүн дээр ажиллах болно.

Уг баримт бичигт “Гуравдагч улс руу дүрвэсэн Шинжааны уйгарууд болон бусад уугуул түрэг хэлт үндэстнүүд эх орондоо буцаж ирэхэд Хятадын эрх баригчдын дарамт шахалт, айлган сүрдүүлэлтэй тулгарч байна” гэжээ.

Хүний эрхийн байгууллагууд Хятадын эрх баригчдыг 2017 оноос хойш нэг сая гаруй Мусульман Уйгур, Казах болон бусад Турк хэлтэн угсаатны төлөөлөгчдийг шоронд болон хорих лагерт илгээсэн гэж буруутгаж байна. 2021 оны 2-р сард Канадын парламентын танхим Бээжингийн Уйгур, Казах болон бусад уугуул, голдуу лалын шашинтай Шинжааны ард түмэнд хандах хандлагыг геноцид гэж зарласан.

2022 оны есдүгээр сарын эхээр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын газар Шинжаан дахь зөрчлийн талаарх тайланг нийтэлжээ. Урьд нь хоригдож байсан хүмүүс тэднийг сандалд хүлж, цахилгаан бороохойгоор зодож, удаан хугацаагаар ганцаарчлан хорьж, нүүр рүү ус цацаж байцааж байсан тухай ярьжээ. Хятадын эрх баригчид терроризм, экстремизмтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд тус бүс нутагт хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг баримт бичигт тэмдэглэжээ. Уйгурууд болон бусад лалын шашинтнуудын төлөөлөгчдийн эсрэг Бээжингийн үйл ажиллагаа нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй гэж НҮБ мэдэгджээ.

Хятадын эрх баригчид НҮБ-ын тайланд дурдсан мэдэгдлийг үгүйсгэж, "Хятадын дайснууд зохиосон ташаа мэдээлэл, худал мэдээлэл" гэж мэдэгджээ. Бээжингийн үзэж байгаагаар уг баримт бичигт “Шинжаан дахь хүний эрхийн салбарын ололт амжилтыг” үл тоомсорлосон байна.

Эх сурвалж: Настоящее время