Цаг үеийн мэдээ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойг тохиолдуулан тус хуулийг батлалцсан Ардын их хурлын депутатуудын төлөөлөл болох Б.Батсайхан, Д.Лонжидсүрэн, Я.Пүрэвдорж, Ч.Цэрэндагва, Д.Энхбаатар нарыг Батлан хамгаалах салбарын удирдлагууд хүлээн авч уулзан "Үндсэн хуулийн эх сурвалж" номыг гардууллаа.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Батлан хамгаалахын сайдын зөвлөх, чөлөөнд байгаа дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд нар оролцлоо.

Энэ үеэр хүндэт зочид Бүх цэргийн Их Хар сүлдэнд хүндэтгэл үзүүлж, БХЯ-ны товч танилцуулгыг сонсон дурсгалын зураг татууллаа.

1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхарга, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль болж чадсан юм. Өөрөөр хэлбэл тус хууль нь Монгол Улсыг хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд шилжин орох хууль, эрх зүйн үндсийг баттай тавьж нийгэм, улс төр, эдийн засгийн цоо шинэ орчинг бүрдүүлж, төлөвшүүлсэн. Тиймээс Монгол оронд ардчилсан хувьсгал 1990 онд ялсан хэдий ч 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар ардчилал жинхэнэ утгаараа үндэс сууриа тавьсан билээ. 

Эл түүхэн гавьяаг бүтээлцэхэд оролцсон Ардын их хурлын депутатуудад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хувиасаа болон Сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө.