Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар энэ амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзалт хийж байна. Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр байлцлаа. Тэд Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудын талаар иргэдэд мэдээлэл дамжуулж, Хөгжлийн банкны нээлттэй сонсгол болон газрын багц хуулийн төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл Чингэлтэйчүүдэд өглөө. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар ЧД-тээ  хийж байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд ямар шатанд явааг танилцуулсан юм. Тухайлбал,
“Сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хүүхэд сурч хөгжих ээлтэй орчин бүрдүүлэх, дүүргийн өрхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулахаас гадна орчин үеийн шийдэлтэй эрт илрүүлэг, оношилгооны төвийг ашиглалтад оруулах, нийтийн тээврийн чанар үйлчилгээг цогцоор нь шинэчлэхээр автобусны буудлуудыг шинээр байгуулан  ажиллаж байна” гэлээ.
Монгол Улсын сайд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын хувьд энэ 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа тухай танилцууллаа. 

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад 5 үндсэн чиглэлд хэрэгжүүлэх бодлогоо гаргаад ажиллаж байна гэлээ. Нэгдүгээрт: Нийтийн тээврийг Төрийн бодлогын түвшинд гаргаж энэ салбарт парк шинэчлэл хийхээр зорьж, ирэх 9 дүгээр сар гэхэд автобусны шинэчлэлийг 100 хувь хийхээр ажиллаж буйгаа онцоллоо. Хоёрдугаарт: Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн сайжруулж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Гуравдугаарт: Замын хөдөлгөөний зорчилт хөдөлгөөнийг сайжруулах,  зорилгоор RFID системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг систем ашиглалтад орсноор  авто машины цахим үнэмлэхний тусламжтайгаар замын хөдөлгөөний танхайрал, дүрэм зөрчих байдал эрс буурч, цагдаа зам дээр гарах шаардлагагүй болох юм. Энэ ажил 90 гаруй хувьтай явж байгаа мэдээллийг Чингэлтэй дүүргийн иргэдэд өглөө.  

Дөрөвдүгээрт: Түгжрэл түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг удахгүй Засгийн газарт танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна гэлээ. 

Уулзалтын төгсгөлд Чингэлтэйчүүд Хөгжлийн банкны нээлттэй сонсгол, Нийслэл хотын түгжрэл гээд хамгийн хүндхэн ажлуудтай нүүр тулан үр дүн гаргахаар зүтгэж байгаа дүүргийнхээ гишүүнд амжилт хүслээ.