Цаг үеийн мэдээ

Мухар сүсэг, сохор шунал Монголын инээдэм биш эмгэнэл. Эмэгтэй хүн төрж ханахгүй, эрэгтэй хүн шартаж ханахгүй байсан бол монгол хүн хуурагдаж ханахгүй боллоо. Мөнгө бороо шиг шаагиад орно гэсэн сохор шунал нь мөнгө шороо шиг шуураад одохын хөрс юм. Ямар ард түмэн байна, яг тийм луйварчид байна. Луйвардуулах хүмүүс нь бэлэн байхад луйвардах хүн  нь бэлэн байна. Хадгаламж зээлийн хоршоо,  Бэлтэс мөрөн, элдэв янзын койн. Койн гэдэг нь гохь нь гэсэн үгтэй тун төстэй дуудлагатай юм. Койнчин О.Мөнхжин “Битгий ав. Бүү ойрт. Хол бай” гэж хэлсээр байтал авхуулсан гэдэг нь гүтгэлэг гэж тохуурхан мэлзэж байна. Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны өрнөөс дутахгүй их наядад хүрсэн койны хохирогчид нь хашаа байшин, хамаг байдгаа тавиад туусан жирийн иргэд байгаа нь илүү урхагтай.     

Фейсбүүкийн сторид хууртаж, орон гэр, унаа тэргээ зараад байдаг бүхнээ хуу хамаад өгчихсөн нь алдсан хүний арван тамд зовж, авсан хүн нэг тамдаа орцгоож эхэллээ. Талх авахдаа ч айхтар байж, орц найрлага, үйлдвэрлэсэн компани, огноо хугацааг нь хардаг байж сторид мухраар итгэж, бүтэн амьдралаа бооцоо мөрийнд тавьж орхиход юу хөтлөв? Шунал. Сохор шунал. Шулсан нь ч, шулуулсан нь шунал ихэдсэний гор. Харин шуналдаа сохорч, сайн дураараа шулуулсан хүний мөнгийг татвар төлөгчид өмнөөс нь төлөхгүй.

Хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх монгол үлгэрийн баатар ч бэлэнчлэх сэтгэлгээгүй, бэрхийг туулсныхаа шагналыг авч найрладгийг сануулъя!