Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд 15 аймгийн 64 сум зудтай, зудархуу өвөлжсөнөөр өнөөдрийн байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд 23.0 см хүртэл зузаан цастай, таван аймгийн 11 суманд зудын, есөн аймгийн 18 суманд зудархуу байна. 2022 онд Монгол Улсад нийт 71.1 сая мал тоолуулсны 9.5 сая нь отроор өвөлжжээ. Он гарсаар 564.5 мянган толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь нийт малын 0.8 хувь болоод байгаа юм. Мал сүргийн хамгийн их хорогдолтой нь Увс /111336/, Сүхбаатар /72528/, Завхан /71673/, Архангай /69874/, Ховд /34944/ аймгууд байна.

Мал төллөлт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 200.0 мянга орчим төл хүлээн аваад байна. Энэ сарын 8-10 өдрүүдэд Ховд,  Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цас орж салхины хурд 16-24 м/с, зарим үед 27-34 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч цаг агаарын онц аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Үүний улмаас Дундговь,  Дорнод аймгуудад  таван иргэн төөрч, есөн аймгийн 15 суманд нийт 41 айлын гэр, нэг саравч, 27 айлын хашаа  нурж, 10 байшингийн дээвэр хуурчээ. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт Мандалговь-Тавантолгой чиглэлийн 220 кВ-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасныг хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Малчид 1.1 сая тн өвс, 15.0 мянган тн сүрэл, 88.0 мянган тн ногоон тэжээл, 32.4 мянган тн үйлдвэрийн тэжээл, 47.9 мянган тн гар тэжээл, 13.1 мянган тн дарш, 92.2 мянган тн хужир, шүү бэлтгэснээс одоогийн байдлаар 20.0 орчим хувь нь үлдээд байна. Мөн аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 27.5 мянган тн өвс, 11.8 мянган тн тэжээл бэлтгэж, зарцуулсан байна.