Цаг үеийн мэдээ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар "Эрүүл хүнсээр дэлхийг дайлна" уриатай "Хушхан" брэндийн үйлдвэртэй танилцав. 

Уулзалтаар "Норд Роуд" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Энх-Амгалан самрын үйлдвэрлэл, эрүүл ахуйн шаардлага хангасан үндэсний брэндийг дотоодын болон олон улсын зах зээлд амжилттай нэвтрүүлж байгаа тухай, мөн хуш модны хамгаалал, модыг гэмтээхгүй зөв зохистой түүх, гаднын улс оронд хэрэгжүүлдэг арга технологийн тухай танилцууллаа. 

Судалгаагаар 100 боргоцойн 90 хортонд идэгдсэн байна.

Түүнчлэн "Норд Роуд" компанийн судалгааны баг "Хэнтий нурууны сибирь хушин ойн судалгаа", "Монгол орны хушин ойн үрийн судалгаа", "Хиймэл дагуулын тандалт судалгаа" гэсэн гурван томоохон хэмжээний тандалт, судалгааг хийсэн ба түүнээс гарсан дүгнэлтийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцов. 

“Норд Роуд” компани нь 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд 2015 оноос хуш модны самрыг бэлтгэн, боловсруулж дотоодын болон Олон улсын хэрэглэгчдэд хүргэхээр үйл ажиллагаагаа өргөжүүлж 2016 оноос экспорт хийж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Ази тивийн хоёр Улс (БНХАУ,Солонгос), Европ тивийн 4 Улс (Итали, Испани, Герман, Турк) Улс руу экспорт хийж  байна.