Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн “Захирлын зөвлөл” хуралдаж, цаг үеийн болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тухайлбал, Засгийн газрын тогтоолын болон компанийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, худалдан авах ажиллагааг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, төрийн өмчийн бараа бүтээгдэхүүн худалдаж авах төлөвлөгөөний дагуу 05 дугаар сарын 31-ээс өмнөөс зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгов.

Түүнчлэн зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх, дутагдалтай байгаа ажлын байрыг хэрхэн нөхөх, боловсон хүчний нэгдсэн бодлого боловсруулах талаар судалгаа гаргаж, шийдэл танилцуулах, Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх” жил болгон зарласантай холбогдуулан харьяа байгууллага болон нэгжүүдээс хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний санал авч, төлөвлөгөө боловсруулж танилцуулах, Зам, тээврийн салбарыг 2023 онд “Бүрэн цахимжсан, бүтээмж хариуцлагыг нэмэгдүүлж, үр дүнг тооцох жил” болгон зарласантай холбогдуулан бүх харьяа байгууллагууд болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг сар бүр дүгнэх зэрэг сайдын шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллахыг газар, хэлтсийн дарга нарт даалгалаа.​

Мөн компанийн ажилчдын нийгмийн асуудлыг судалж, шийдвэрлэх, долоо хоног бүрийн тогтмол нэг өдрийг албан хаагчдаа сонсох өдөр болгож, уулзалт зохион байгуулж байхаар тогтов.