Цаг үеийн мэдээ

Тэтгэврийн насыг 62-оос 64 болж нэмэхийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан, ажил хаялт Францын нийслэл Парис болон бусад хотуудад ес дэх хоногтоо үргэлжилж байна. Пүрэв гарагийн байдлаар Парист 120,000 орчим, нийт сая гаруй иргэн гудамжинд жагссан гэж Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Нийслэлд жагссан иргэд рүү цагдаа нар нулимс асгаруулагч шүршиж, 80 гаруй иргэнийг баривчлан саатуулсан байна. Мөн баруун өмнөд бүсийн томоохон хот Бордод жагсагчид захиргааны төв байрыг галдан шатаажээ. 

Жагсаал цуглаанаас гадна ажил хаялт улс орон даяар өргөн хүрээг хамарсан байна. Сургууль, газрын тосны үйлдвэрүүд, тээвэр зуучлалын үйл ажиллагаа ажил хаялтын улмаас доголджээ. Парисын метроны 14 шугамын ердөө хоёр нь л хэвийн ажилласан байна. Мөн Орли нисэх буудлын ажилчид ажил хаялт зарласнаар нийт нислэгийн 30 хувь нь саатжээ. 

Түүнчлэн Норманди болон Фос-сур-Мерт үйл ажиллагаа явуулдаг газрын тосны үйлдвэрт үйлдвэрчний эвлэлийн гишүүд ажил хаялт зарласан байна. Франц улсад тэтгэвэрт гарах насыг хоёр жилээр уртасгах хуулийн төслийг Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрөгч нэгдүгээр сард танилцуулсан. Хэдийгээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч уг шийдвэр нэн хэрэгцээтэй гэж Ерөнхийлөгч байр сууриа хамгаалсаар байна.

Эх сурвалж: ВВС, CNN