Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг“Бурхант-Өргөө” кино театрт гал гарч байна гэсэн дуудлагыг 3 сарын 23-ны өдрийн 19:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги, Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход “Бурхант-Өргөө” кино театрын 4 дүгээр давхарт байрлах түрээслэгч Э-ын “Оскар” рестораны талбайд байрлах 8 ханатай үйлчилгээний /караоке/ гэр болон барилгын гадна хөөсөнцөр хана тус тус шатаж байсныг мөн өдрийн 19:57 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:03 цагт бүрэн унтраасан. /Нийт 1 цаг 29 минут ажилласан./ Гал түймрийн голомтоос кино театрын 3 танхим, үйлчилгээний газруудын нийт 129 иргэнийг аюулгүй гаргасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.