Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.03.24/ хуралдаж, Байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг тус дэд хороо 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Тэрбээр, "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Дэд хорооны даргыг Дэд хорооны гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонгоно.” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад Улсын Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилыг нэр дэвшүүллээ" гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Тогтоолоор Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг сонгож, УИХ-ын гишүүн Н.Энхболдыг тус дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.