Цаг үеийн мэдээ

Энэ удаагийн зочноороо бидний “Ийм нэгэн дурлал”, “Гурван найз” зэрэг киногоор нь сайн мэдэх "Эмоци" продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжинг урьж цөөн хором ярилцлаа. 

Сайн байна уу? Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа.

Та бүхэнд бас намайг урьж оролцуулсанд баярлалаа. 

Та өөрийгөө танилцуулна уу?

Намайг Тэмүүжин гэдэг. 2007 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. 

Анх урлагт хэрхэн хөл тавих болсон бэ?

Бага байхаасаа л урлагт дуртай хүүхдийн театрт явдаг байсан болоод ч тэр үү шууд л жүжигчин мэргэжлийг сонгож СУИС-д орж байсан. СУИС-ийг төгсөөд “Ийм нэгэн дурлал” гээд киногоороо мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа эхэлж байсан.

Таныг Boomtown хамтлагт байхаас хүмүүс их мэддэг шүү дээ. Тэр үеийн сайхан дурсамжаасаа хуваалцвал? 

Анх Boomtown хамтлагийг санаачилж байгуулсан хүн бол манай хамтлагийн ахлагч Г.Ган-Очир ах маань. Бид анх найм есүүлээ маш олуулаа эхэлж байсан. Тэгээд цаг хугацааны аясад шигшигдээд 6 залуу хамтраад анхны дуу клипнүүдээ хийж эхэлж байсан. Оюутан цагийнхаа сайхан дэврүүн хүсэл мөрөөдлөөр хамтлагаа байгуулаад анхны цомгоо ч гаргаж байсан. Одоо бодоход хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж байдаг. 

"Boomtown" хамтлаг 

Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас сонирхуулбал?

Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан гэвэл “Эмоци” продакшн 10 жилийнхээ ойг угтаад “Баян боол” гэх уран сайхны киногоо нээгээд удаагүй байна. Энэ кино маань бүтэн нэг жилийн хугацаанд хийгдсэн томоохон төсөл байлаа. 

Мэргэжлээрээ ямар үед хамгийн их бахархдаг вэ? 

Ковидын үед тайзан дээр гаралгүй үзэгчидтэйгээ уулзаагүй яг есөн сарын хугацаа болсон байсан. Тайзан дээр огт гарахгүй байх үзэгчидтэйгээ уулзахгүй байх гэдэг их сонин гунигтай мэдрэмж байсан. Ковид намжиж урлагийн арга хэмжээ нээгдээд “Эмоци”  продакшн шинэ тоглолтоо хийж нээлтийн өдөр тайзан дээрээ гараад хөтөлгөөгөө хийхэд өөрийн мэдэлгүй би уйлаад мэргэжлийнхээ ямар сайхныг тэр үед хамгийн их мэдэрч бахархсан. 

Иргэн хүний хувьд ч, аав хүний хувьд ч өнөөгийн нийгмийн тухай таны бодол? Хамгийн эмзэглэдэг зүйл? 

Бид нийгмийг уран бүтээлээрээ дамжуулж шударгаар шүүмжлэх үедээ шүүмжилж, магтах үедээ магтдаг. Одоо үед зарим залуучууд аав байх үүргээ орхигдуулж байгаа юм болов уу? Энэ нь одоогийн нийгэмд маш ихээр үзэгддэг болсон буруу зүйл юм болов уу гэж боддог. Маш олон залуус гэр бүл болохын зэрэгцээ салалт бас их байна. Аав гэдэг ухамсраа нэгт тавьж гэр бүлийнхээ төлөө чамайг гээд хүлээж байгаа бүлтгэр үрсийнхээ төлөө хөдөлмөрлөж зорилготой байгаасай гэж эрчүүддээ хандаж хэлэхийг хүсдэг.

Шантрах тохиолдолд хэрхэн давж туулдаг вэ?

Миний уриа үг гэх юм уу үг байдаг юм. "Хүн хэзээ ч нэг хэвдээ байх ёсгүй гэхдээ хэн байснаа хэзээ ч мартаж болохгүй" гэдэг үгийг үргэлж өөртөө хэлдэг. Хүний амьдрал л болсон хойно бүх зүйл амар байхгүй тодорхой хэмжээний амжилтад хүрэхийн тулд, мэргэжлийн уран бүтээлч болохын тулд шантрах тохиолдол гарч л байсан. Гэхдээ ямар нэгэн даваа нугачаа саад бэрхшээлийг давахгүйгээр сайхан цаг ирнэ гэж байхгүй. Энэ бүхнийг даваад гарахад сайхан зүйлс хүлээж байгаа гэж өөрийгөө зоригжуулдаг. 

Амьдралд талархах ёстой олон хүн байдаг ч онцгойлон талархах ёстой хүмүүс байдаг шүү дээ? 

Мэдээж юун түрүүнд биднийг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлчхээд дахин хүүхдүүдийг минь бас хайрлаж өсгөж хүмүүжүүлж байдаг хоёр талынхаа аав ээжид баярлалаа гэж хэлмээр байна. Мөн бидний уран бүтээлийг үздэг магтаал, шүүмжлэлээ харамгүй хайрладаг бүх үзэгчдэдээ баярлалаа гэж хэлмээр байна.

Сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Цаашдынх нь ажилд амжилт хүсье.

Та бүхэнд бас баярлалаа.