Цаг үеийн мэдээ

Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Элчин сайд Г.Батсүх, Хятадын гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн тэргүүн, Элчин сайд Лин Сунтяньтэй 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Бээжин хотноо уулзав. Уулзалтад монголын талаас Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн, элчин зөвлөх Л.Мөнхтүшиг, хятадын талаас тус нийгэмлэгийн Зүүн Азийн газрын дарга Чөн Хайбө зэрэг албаны хүмүүс байлцав. 

Уулзалтаар Монгол, Хятад иргэд хоорондын нөхөрлөл, орон нутгийн хамтын ажиллагаа, залуучуудын харилцан солилцоо зэрэг ардын дипломат үйл ажиллагаагаар дамжуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцож, Улаанбаатар хотноо жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулагддаг “Монгол, Хятадын найрамдлын долоо хоног” арга хэмжээний хүрээнд хамтран хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар ярилцан тодорхой ажлууд хийхээр тохиролцов.