Цаг үеийн мэдээ

Улсын заан Б.Серикийг Б гэгч нь хутгалан гэмтээсэн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.  Тус хэрэг нь энэ оны 3 сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт болсон бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар хэргийг шалгаж байна.

11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;

2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;

2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.