Цаг үеийн мэдээ

"Хилчин” спорт хорооны тамирчин Лутсайханы Алтанцэцэг Энэтхэг улсын Дели хотноо болсон боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бахархам амжилттайгаар эх орондоо ирлээ. Тэрээр Монгол улсад боксын спорт үүсэж хөгжсөн цагаас хойш анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байгаа юм.

Л.Алтанцэцэг: "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа дах удаагаа оролцож энэ удаа мөнгөн медаль хүртэж, Монголын хамгийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Намайг дэмжиж байсан бүх хүмүүстэй баярлалаа. Дорнод аймагт байгаа анхны багш Эрдэнэбаяр багштай баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна. Урьд нь бид нар тэмцээнд сэтгэл зүйчтэй явж байгаагүй. Энэ удаад сэтгэл зүйчтэй явсан нь маш их нөлөөтэй байсан. Дотоод сэтгэл өөртэйгөө болон багш нартайгаа ярилцах, рингин дээр яаж биеэ авч явах уу, яаж хамтын бүтээлээр бүгдийг бүтээх үү гэдэг асуудлууд гарч ирж байсан. Энэ бүхнийг тэднийхээ ачаар давж, дэлхийн медальтан боллоо. Монголчууд маань маш их итгэл найдвар хүлээлгэж байсан учраас яллагдахаас маш их айж байсан. Чадах чинээгээрээ алтан медалийн төлөө тоглосон. Удахгүй олимпын эрхийн төлөөх тэмцээн болно. Та нарынхаа итгэлийг алдахгүй улам илүү хичээх болно" гэв.