Цаг үеийн мэдээ

3х3 сагсан бөмбөгийн Азийн АШТ-д өрсөлдөж буй манай эмэгтэй шигшээ эхний тоглолтоо Далайн орнуудын төлөөлөл Шинэ Зеландын эсрэг хийлээ. Манай өрсөлдөгч Шинэ Зеланд 2018 оны тивийн аваргад түрүүлсэн хүчирхэг баг байв. Нурууны хувьд ч хавьгүй өндөр юм. 

Тоглолтыг Шинэ Зеланд 8:0 гэж эхлүүлсэн бөгөөд үүнээс хойш Монголын баг оноог нөхөж, нэлээд ойртуулсан. Гэвч эцсийн дүндээ 17:10-аар ялагдлаа.

М.Цэрэнлхам 4 оноо, 6 самбараар багаа тэргүүлсэн бол Б.Ариунцэцэг мөн 4 оноо авсан. Түүнчлэн Токиогийн олимпын Монголын багийн тугч О.Хулан 2 оноо, 5 самбар авснаас гадна хамгаалалтад тун сайн байв. 

Тоглолтын цаг дуусахын өмнөхөн Ц.Болорцэцэг шагайгаа эвгүй гишгэн талбайг чөлөөлсөн нь манай багийн хувьд томхон гарз боллоо. Хэрэв түүний гэмтэл ноцтой байвал дараагийн тоглолтоо сэлгээгүйгээр хийх хүндхэн даалгавар хүлээж байна. 

Манай баг 20:45 цагаас Малайзын эсрэг хэсгээс хэн нь шалгарахаа шийдэх чухал тоглолтыг хийх болно.