Цаг үеийн мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден олон нийтийн арга хэмжээнд оролцож байх үедээ элстэй уутанд бүдэрч унажээ. Тэрээр Колорадо дахь Америкийн Нисэх хүчний академийн төгсөлтийн арга хэмжээнд оролцож, төгсөгчидтэй гар барьж байсан аж.

Тус улсын түүхэн дэх хамгийн ахмад настай буюу 80 настай Ерөнхийлөгчийг унасны дараа хамгаалагчид нь өргөн босгосон байна. Тэрээр бүдэрч унасны улмаас ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэжээ. 

Байден Нисэх хүчний академийн 921 төгсөгч нэг бүртэй гар барьж, цаг хагасын турш зогссон байна. Унасныхаа дараа ууттай элсэнд бүдэрчихлээ хэмээн инээмсэглэжээ. Цагаан ордны зүгээс Ерөнхийлөгч зүгээр гэсэн мэдээллийг өгсөн ч ойрын жилүүдэд түүний эрүүл мэндийн байдалд анхаарал хандуулах нь нэмэгдээд байгаа юм. 

АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх жил болно. Байден дараагийн сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгдсэн ч шүүмжлэгчид түүнийг хоёр дахиа төрийн эрх барихад дэндүү хөгшиднө хэмээн шүүмжлээд байгаа юм. Хэрэв тэр сонгуульд ялбал 82 настайдаа хоёр дахиа Ерөнхийлөгчөөр ажиллаж түүхэнд бичигдэнэ. 

Эх сурвалж: ВВС