Цаг үеийн мэдээ

Шүүгдэгч А, Б нар нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр малчин С-ийн гэрийн баруун талд байсан мотоциклыг зөвшөөрөлгүй авч яван хохирогчид 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх тэднийг “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А-г 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б-д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авчээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А, Б нар нь бусдын тээврийн хэрэгсэл өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан идэвхтэй үйлдэл хийсэн нь автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хууль зүйн үндэслэлтэй гэж үзжээ.

Мөн шүүгдэгч нар нь авч явсан мотоциклоо Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот орох төв замын хажууд орхисон болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа учраас тухайн тээврийн хэрэгслийг өөрсдийн өмч болгох гэсэн зорилгогүй, бусдад худалдаагүй буюу завших зорилгогүй байсан учраас тэдний үйлдлийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн.

Харин шүүгдэгч А нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ 17 настай байсан тул түүнд оногдуулсан торгох ялыг өөрчилж, ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б нь уг гэмт хэргийг үйлдэх үедээ 15 настай учраас эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтүүдийг шийтгэх тогтоолд оруулсан болно.  

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг