Цаг үеийн мэдээ

Комедиан Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа асуудлаар ЭЦА-ны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэнбаатар мэдээлэл өглөө.

Тэрээр "Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсад иргэдийн зүгээс крипто валют буюу койн хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаа эрчимтэй явсан. Энэ үеэр цагдаагийн байгууллага, санхүүгийн зохицуулах хороотой хамтран иргэдэд олон удаагийн сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байсан.

Энэ оны хоёрдугаар сараас эхлэн цагдаагийн байгууллага дотооддоо ажлын хэсэг гаргаад хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдийн үйл ажиллагаатай холбоотой шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. СЗХ-ны урьдчилсан үнэлгээгээр эрсдэлтэй буюу хоёрдогч зах зээлийн арилжаанд койн нь гараагүй байгаа 26 этгээдийн үйл ажиллагааг шалгаж байгаа. Энэхүү шалгалтын үр дүнд одоогоор хоёр этгээдийг яллагдагчаар татаж, мөн койн гаргасан боловч хөрөнгө татан төвлөрүүлээгүй хоёр этгээдийн хэргийг хааж,  койн токен гаргасан зургаан этгээдүүдээс 839 сая төгрөгийг иргэдэд буцаан олгосон.

Б.Идэр-Од гэх этгээдийн хувьд мөн шалгагдаж байгаа. Өнгөрсөн жил буюу 2022 оны 3 сард Монгол улсаас гарсан учраас интерполын хөх бүсд эрэн сурвалжилж байгаа" гэлээ.