Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2023.06.07/ Монгол Улсын Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл нь Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн 2023 оны эхний сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Хэвлэлийн бага хуралд Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Б.Түмэн-Өлзий, Б.Пүрэвдорж, Н.Уранчимэг болон Найруулагч Б.Гарамханд, Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ нар доорх асуудлуудын хүрээнд мэдээлэл хүргэлээ.

2023 онд Кино урлагийг дэмжих сангаас зарласан сонгон шалгаруулалтын тухайд: 

Кино урлагийг дэмжих тухай хуулийн хүрээнд “Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон банканд тавих  шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг ханган Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн 2023 оны эхний сонгон шалгаруулалтыг 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн  зарлалаа. 

Тодруулбал, эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл, эргэн төлөх нөхцөлтэй зээлийн төсөл гэсэн хоёр нөхцөлөөр сонгон шалгаруулалтыг зарласан ба эдгээр нөхцөлд хамаарах дараах ангиллаар төслийг хүлээн авах юм. 

Үүнд: 

● Кино бүтээх төсөл

● Кино наадам, сургалт зохион байгуулах төсөл

● Кино наадам болон сургалтад оролцох төсөл

● Хамтарсан кино төсөл 

Түүнчлэн Кино урлагийг дэмжих сан нь Кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах, кино бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, Монгол киног олон улсад сурталчлан таниулах зорилготой бөгөөд уг зорилгын хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 21-ний хооронд нийт 67 төслийг хүлээн авч үүнээс 11 төсөлд санхүүжилтийг олгож эхэлсэн билээ.  

Санхүүжилт олгосон төслүүдээс дурдвал кино найруулагч Б.Гарамхандын хүүхдийн сэдэвт гэр бүлийн кино “Алдагдсан өдрүүд” УСК, “Алтан өргөө олон улсын кино наадам”, “Ю тийм” ХХК “Амира олон ангит хүүхэлдэйн кино” зэрэг уран бүтээлд санхүүжилт олгосноос эхний төслүүд амжилттайгаар олон нийтэд хүрч эхлээд байна. 

Дашрамд дурдахад сонгон шалгаруулалт нь нэг сарын хугацаанд явагдах ба 06 дугаар сарын 30-ны өдрөөр төсөл хүлээн авах хугацаа хаагдах юм. 

76 дахь Каннын олон улсын кино наадамд оролцсон тухайд: 

Монгол Улсын Засгийн газрын 73 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган Монгол Улсын кино уран бүтээлчид Соёлын яам, Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн зохион байгуулалт дор Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо 2023 оны 5 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд болсон Каннын 76 дахь удаагийн олон улсын кино наадамд өөрийн улсын албан ёсны павильон болон “Монгол өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулан амжилттай оролцлоо. 

Энэхүү тэргүүлэх зэрэглэлийн олон улсын кино наадамд Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин, Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагаа, шинэ кино уран бүтээлийг сурталчлан таниулах, монголчуудын уламжлал, өв соёл, ёс заншил болоод киноны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, хувь уран бүтээлчдийн үйл ажиллагааг сурталчлах зорилт тавин ажилсан юм. 

Түүнчлэн тус кино наадмын үеэр Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл нь Малайз, Япон, Франц, Их Британи, Морокко, Индонез, Филиппин, Сингапур, Тайвань зэрэг улсын кино зөвлөлийн удирдлагуудтай уулзалт хийсэн ба цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдсэн юм. Тодруулбал, Бүгд найрамдах Солонгос улсын кино урлагийн зөвлөлтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан төдийгүй хүний нөөцийг сайжруулах чадавхжуулах чиглэлээр Казакстан улсын кино институт болон Малайз улсын “My lab” хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзалт хийн санал солилцсон билээ. 

Түүнээс гадна 76 дахь Каннын Олон Улсын кино наадамд Монгол Улсаас анх удаа "Un Certain Regard" төрөлд албан ёсоор нэр дэвшсэн найруулагч П.Золжаргалын "Баавгай болохсон" УСК-ны ерөнхий зураглаач Д.Давааням, хамтарсан продюсер С.Батхишиг  болон сонгон шалгаруулалтаар хоёр уран бүтээлчийг дэмжин оролцлоо.