Цаг үеийн мэдээ

Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 75 жилийн ой энэ сард тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргаж, Ховд аймгийн Булган сумын нутагт ирэх баасан гарагт Ерөнхийлөгчийн ивээл дор энэхүү түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл энэхүү түүхэн арга хэмжээг угтаж ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар Баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдад /2023.06.06/ хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс нь хилийн аюулгүй байдал гэдгийг онцлоод, “Ахмад дайчид маань нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдал, ард иргэдийнхээ амар тайван аж төрөх эрхийг бататган бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ алтан амиа үл хайхран өнөөдрийн Монгол Улсыг бидэнд үлдээсэн. Ахмад дайчдынхаа алдар гавьяаг үр хойчдоо мөнхжүүлж, хүндэтгэл үзүүлэх зайлшгүй шаардлага бидэнд бий. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам өнөөдөр та бүхэндээ хүндэтгэл үзүүлж байна” гэдгийг хэллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээний төгсгөлд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн “Энэхүү зэвсэгт тулгаралтын ач холбогдол нь Монгол Улсын хилийн цэрэг, ардын арми бие даан тулаанд оролцож, түүхэн ялалт байгуулсан явдал юм. Тус он жилүүдэд ард иргэдийн нөхцөл байдал хүндэрч, олон тооны дээрэмчин, гоминдааны цэргүүдтэй дайчид, иргэд хамтран тулалдсан байдаг. Улмаар 1948 онд болсон Бүдүүн харгайтын тулаанд байгуулсан ялалт энэхүү түүхэн зэвсэгт тулгаралтыг дуусгасан. Манай улсад 60 гаруй удаагийн их бага хэмжээний тулгаралт болсон гэж судлаачид үзсэн байдаг. Амь үрэгдсэн дайчдын тоо архивт 600 гаруй гэж тэмдэглэсэн ч орон нутгийн эрсэдсэн иргэдийн тоо байдаггүй” гэдгийг дурдаад ахмад дайчид, тэдний гэр бүлд сайн сайхныг хүслээ.

Дашрамд дурдахад, Баруун хилийн зэвсэгт тулгаралт нь 1940-1948 оны одоогийн Баян-Өлзий, Ховд, Голь-Алтай, Баянхонгор зэрэг аймгийн газар нутаг, хилийн 1250 орчим км өргөн нутаг дэвсгэрийг хамарч олон жил үргэлжилсэн байдаг. Дээрх тулгаралтад оролцсон ахмад дайчдаас өдгөө 15  нь амьд сэрүүн байна. Тэдгээрийн 93-103 насыг зооглож буй тус нутгийн 12 ахмад дайчид өнөөдрийн хүндэтгэлийн арга хэмжээнд ийнхүү оролцсон юм.