Цаг үеийн мэдээ

Бүгд найрамдах Киргиз улсын Байгалийн нөөц, экологи, техникийн хяналтын дэд сайд Туманов Алмазбек Жаныбаевич, Шведийн Байгаль Хамгаалах Агентлагийн төслийн багийн төлөөлөгчид болон Киргиз улсын Байгаль орчин, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд иргэний нийгмийн төлөөллүүд Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн талаар туршлага солилцохоор албан томилолтоор Монгол Улсад ажиллаж байна. 

Гадаадын төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн шадар суурин төлөөлөгч Дин Цао болон холбогдох албынхан хүлээн авлаа. 

Монгол Улсын хувьд уул уурхайн салбар 100 жилийн түүхтэй бөгөөд ДНБ-ний 24%, аж үйлдвэрийн салбарын 69%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77%, экспортын 93%-ийг тус тус бүрдүүлдэг тэргүүлэх салбар. Манай улс уул уурхайн нөөц баялаг ихтэй хөгжиж буй 29 орны нэг гэдгийг Дэд сайд М.Ганбаатар онцлоод Монгол улсад ойролцоогоор 7,1 сая га талбайд 3077 хуулийн этгээд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 3.89 хувийг эзэлдэг. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас ард иргэд. байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллүүд бий болж түүний дотор хөрсний эвдрэл, гадаргын усны бохирдол болон хомсдол, бэлчээрийн доройтол, тоосжилт, орчны бохирдлын асуудлууд тулгарч байгаа. Байгаль орчны доройтлыг бууруулах уул уурхайгаас үүдэлтэй эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээх асуудлыг нэн тэргүүд тавин ажиллаж байгааг онцлов. 

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2017-2018, 2020 онд Монгол Улсын хэмжээнд эвдэрсэн газрын тооллого судалгааг тус тус зохион байгуулсан.  Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон нөхөн сэргээх шаардлагатай 8000 га талбай байгааг тогтоож бүртгэсэн бөгөөд Засгийн газрын 2020-2024 оны уйл ажиллагааны хөтөлбөрт олон жил эвдэрч орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлж хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг мөн дурдав. 

Албан томилолтын хүрээнд өнөөдөр БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн дарга Г.Энхмөнх болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлж, танилцуулга мэдээлэл хийж байна.