Цаг үеийн мэдээ

Монгол Улс Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн (УНИДРУА)-гийн дүрэмд нэгдэн орж, тус байгууллагын 65 дахь гишүүн улс боллоо. Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн нь 1926 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Итали Улсын Ром хотод төвтэй, Засгийн газар хоорондын бие даасан байгууллага юм. Тус байгууллагын зорилго нь улс хооронд болон бүс нутгийн хэмжээнд хувийн эрх зүй, ялангуяа арилжааны эрх зүйг уялдуулах, харилцан зохицуулах, боловсронгуй болгох, энэ хүрээнд эрх зүйн зохицуулалтын нийтлэг баримт бичиг, зарчим, дүрмийг боловсруулах юм. 

Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгийн гишүүд дэлхийн таван тивд орших, соёл, эрх зүй, эдийн засаг, улс төрийн төрөл бүрийн тогтолцоо бүхий улсууд байдаг бөгөөд гишүүн улсууд дэлхийн хүн амын 75 орчим хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг бүрдүүлж байна.

Тус байгууллагад гишүүнээр нэгдэж орсонтой холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Монгол Улс Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнд гишүүнээр нэгдэн орсонд баяртай байна. Цаашид тус байгууллагын гишүүн улсууд болон Нарийн бичгийн даргын ажлын албатай хувийн эрх зүй, арилжааны эрх зүйг боловсронгуй болгох, уялдуулах чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно. Хууль зүй, дотоод хэргийн яам арилжааны хэлцэл, гэрээний хэрэгжилттэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож сайжруулах, Монгол Улсад бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хувийн эрх зүйн шинэтгэлийн ажлыг эхлүүлээд байна. Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгийн баримт бичгүүд болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь тус яамнаас дээрх шинэтгэлийн ажлыг хэрэгжүүлэх, арилжааны эрх зүйгээр мэргэшсэн хуульчдын чадавхийг нэмэгдүүлэх, харьцуулсан эрх зүй, олон улсын арилжааны хэлцэлтэй холбогдуулан эрдэм шинжилгээний судалгаа хийх ажилд бодит хувь нэмэр, дэмжлэг болно.” гэв.

Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Игначио Тирадо тус байгууллагын Төв Азийн бүс нутаг дахь үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, уг бүс нутагт эрх зүйн шинэтгэлийг манлайлан хэрэгжүүлж буй Монгол Улс тус байгууллагад гишүүнээр элссэнд туйлын баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр “Тус байгууллага болон Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа талуудад харилцан үр ашигтай байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Цаашид хамтран ажиллах болсондоо баяртай байна.” гэв.  

Монгол Улс тус байгууллагын 2001 оны “Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн олон улсын баталгаат эрхийн тухай конвенци” болон тус конвенцийн “Агаарын хөлгийн тоног төхөөрөмжид тусгайлан хамаарах протокол”-д  нэгдсэн. Эдгээр баримт бичгүүд Монгол Улсад 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Түүнчлэн Монгол Улс 1956 оны “Олон улсын хоорондын авто замаар ачаа тээвэрлэх гэрээний тухай конвенци”, 1954 оны “Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлсийг хамгаалах тухай конвенци”, 1980 оны “Олон улсын бараа худалдах, худалдан авах гэрээний тухай НҮБ-ын конвенци”-д нэгдсэн бөгөөд эдгээр нь тус байгууллагаас боловсруулсан төсөл болон конвенцид үндэслэн батлагдсан баримт бичгүүд юм.