Цаг үеийн мэдээ

Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын “ICT Expo-2023” энэ жил “Mindgolia” буюу “Мэдлэгт суурилсан эдийн засаг” уриан дор зургаадугаар сарын 9-11-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Энэ үеэр Монгол Улс дахь цахим шилжилтийн ололт амжилт, ахиц дэвшлийг сурталчлан таниулж, бататгах юм. Мөн жил бүр “ICT Еxpo” арга хэмжээний хүрээнд “ICT Forum” зохион байгуулж, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн амжилт ололт, алдаа оноо, алсын хараа, гарц гаргалгааг тодорхойлдог уламжлалтай. Энэ жилийн “ICT Forum‘23”-т 1000 гаруй зочин, төлөөлөгч, илтгэгч, панелист оролцож, гурван танхимд зэрэг илтгэл хэлэлцүүлж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

1990 оны зах зээлийн шилжилтээс хойш төрийн ямар нэг дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан цорын ганц салбар бол харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар юм. Энэ салбарын хөгжлийн ололт, хөгжлийн хурдасгуурыг ашиглахгүйгээр аль ч салбарыг бүтээмжтэй, үр ашигтайгаар хөгжүүлэх боломжгүй. “ICT Expo-2023”, “ICT Forum‘23” арга хэмжээг “Mindgolia” гэх уриан дор зохион байгуулж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, олборлолтыг оюун санаа руу чиглүүлэх дараагийн 10 жилийг хамтдаа эхлүүлэх цаг болсон. “Mining to mind” буюу олборлолтоос оюун санаа руу чиглэсэн, шинжлэх ухаан, технологид суурилсан 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах үндэслэл “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан. Тун удахгүй уг хөгжлийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Засгийн газарт танилцуулна. “ICT Forum‘23”-н хүрээнд хэлэлцэх гурван салбар хэлэлцүүлгийн агуулга нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, эко системийг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой байх талаар ярилцах юм. Мөн цахим хөгжлийг түүчээлэх талуудын оролцоо, өсөлтийг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа гэлээ.

2020 оны аравдугаар сард E-Mongolia 1.0 хэрэглээнд нэвтэрч, төрийн 187 үйлчилгээг авах боломж бүрдсэн бол өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн E-Mongolia 3.0 хэрэглээнд нэвтэрснээр 80 гаруй байгууллагын 1072 төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. E-Mongolia систем өдгөө 1.6 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлснээр манай улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээрт орж, 18 байраар урагшилсан байна.

“ICT Forum‘23”-н үеэр Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Цахим хот” сэдвээр илтгэл тавьж, нийслэлд хэрэгжүүлж буй цахим шилжилтийн төлөвлөгөө, үр дүнг танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тавьсан зорилтод нийцүүлэн “Хотын хөгжлийн индекс”-ийг дөрвөн бүлэг, 86 үзүүлэлтээр тооцсон. Ийнхүү тогтвортой байдал, амьдрах орчин, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэх индексүүдээр тооцоолоход хотын хөгжлийн нэгдсэн индекс 0.464 байна. Тодруулбал, өрсөлдөх чадварын индекс хамгийн бага буюу 0.294 гарсан. Харин төрийн үйлчилгээний цахимжилт 70 хувьтай байгаа нь эерэг үзүүлэлт. Иргэд цэцэрлэгийн бүртгэл болоод автомашины татвараа төлөх гэж жилд хэдэн мянгаараа дугаарладаг байсан бол одоо энэ бүгд цахим хэлбэрт шилжсэн. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, дүүрэг, хороод нийлсэн 1100 гаруй байгууллагын албан хаагчид нэгдсэн платформоор мэдээлэл солилцох боломжтой болсон. 2022 оноос 134 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цахимаар хүлээн авч эхэлсэн бөгөөд 8471 иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг шийдвэрлэж, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгоод байна. Ингэснээр төрийн үйлчилгээний бүтээмж сайжирч, цаг хугацаа хэмнэж, зардлаа бууруулж байгаа. Нийслэлийн зүгээс хэрэгжүүлэх 2020-2024 оны цахим шилжилтийн төлөвлөгөөг “Цахим хот” нэрээр тодорхойлсон. Энэ хүрээнд авлига, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг сайжруулах зорилготой “Цахим засаглал” бүлэг, түгжрэлийг бууруулж, замын хөдөлгөөнийг зөв зохион байгуулахад чиглэсэн “Зам тээвэр” бүлэг, иргэдийн аюулгүй байдалд анхаарахаар “Аюулгүй хот” бүлгийг төлөвлөсөн. Эдгээр гурван бүлгийн хүрээнд 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр үндэсний мэдээллийн технологийн тэргүүлэх 70 гаруй компани, 1000 гаруй монгол инженертэй хамтран ажиллаж байна” гэв.

“ICT Forum ‘23” арга хэмжээ өнөөдөр гурван бүлэг сэдэв, 27 илтгэл, 15 хэлэлцүүлгийн хүрээнд 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.