Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын A/242 дугаар захирамжийн хүрээнд хотын стандартыг таниулан сурталчлах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран 580 гаруй иргэн, аж ахуйн нэгжид сургалт зохион байгууллаа.

Мөн барилгын орчны аюулгүй байдалд хяналт шалгалт явуулав. Тодруулбал, барилга угсралт, замын ажил болон барилгын материалын үйлдвэрлэл, барилга байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байгаа 192 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шалгалт хийхэд хотын стандартыг хэрэгжүүлээгүй, аюулгүй орчныг бүрдүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Үүний дагуу барилгын чанарыг сайжруулах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 117 зөвлөмж, 66 албан мэдэгдэл 17 албан шаардлагыг хүргүүлэн, хугацаатай үүрэг өгчээ.

380 хүүхдийн тоглоомын талбайд орчны аюулгүй байдал хангуулна

Нийслэлийн есөн дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны барилга, хотхон, гэр хорооллын гудамжинд байрлах 474 хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдалд шалгалт хийв. Үүнээс 380 хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал алдагдаж, хотын стандартаас зөрсөн байна. Иймд эдгээр зөрчилтэй тоглоомын талбайд орчны аюулгүй байдлыг хангуулж, хотын стандартыг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүлжээ.