Цаг үеийн мэдээ

Цахим хөгжил, харилцааны холбооны сайдын зөвлөх С.Тэнгис Япон Улсын Deloitte зөвлөх үйлчилгээний компанийн дэд захирал ноён Шосэй Ямамото болон Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Хоккайдо дахь төлөөлөгчийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд Монгол Улсад мэдээллийн технологид тулгуурласан цахим үйлдвэрлэл болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын программ хангамж үйлдвэрлэгч стартап компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг гадны зах зээлд сурталчлах, мэдээллийн технологийн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, стартап компаниудыг бизнесээ тогтвортой эрхэлж, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх төслийг хэрхэн хэрэгжүүлэх зохион байгуулалтын талаар санал солилцов.

Төсөл 2023-2025 онд хэрэгжих бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны яам цахим үйлдвэрлэлийг бий болгох, гарааны бизнесийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын бүхий л талын оролцоог хангаж, харилцан мэдээлэл солилцон, уялдаа холбоог хангаж ажиллах юм.