Цаг үеийн мэдээ

Иргэн Г 32.6 м.кв талбайтай, хоёр ширхэг орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Т ХХК-нд холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. 

Г, Т ХХК нарын хооронд орон сууц захиалгаар бариулах 61, 62 тоот гэрээ 2019 онд байгуулагдсан, гэрээний дагуу Г төлбөрт 61.940.000 төгрөгийг Т ХХК-нд төлсөн байна. 

61, 62 тоот гэрээний дагуу орон сууцтай холбоотой хүсэлтээ Г нь ...“Би хоёр жил хүлээсэн, үнэ нэмсэн тул өөрийн болон танай компанийн шугамаар яаралтай заруулах, 61.940.000 төгрөгөө буцаан авах хүсэлтэй байна...” гэж Т ХХК-ийн гүйцэтгэх захиралд бичгээр илэрхийлжээ.

Нэгэнт гэрээнээс татгалзсан бол орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох эрхээ Г алдсан байна. 

Иргэний хуульд аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй бол мөнгөөр нөхөн төлөхөөр заасан тул Г-ийн хоёр ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, шаардагдах бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т ХХК-иас орон сууцны үнэ 61.940.000 төгрөг гаргуулж, Г-д олгож шийдвэрлэсэн. 

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго