Цаг үеийн мэдээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын тэквондогийн холбооны урилгаар Улаанбаатар хотноо зочилж буй БНСУ-ын Ким Ун Ён спорт хорооны ерөнхийлөгч Жэй Чүнь Чой тэргүүтэй төлөөлөгчдийг ням гарагт хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ноён Жэй Чүнь Чой Монгол Улсад тэквондогийн спорт хурдацтай хөгжиж байгааг онцлон тэмдэглээд Монголын тэквондогийн холбоотой цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхээ илэрхийлэв.

Мөн түүнчлэн тэквондогийн спортыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр төлөвлөж, аян өрнүүлж байгаа талаар мэдээлэв.

Олимпын төрлийн спорт тэквондог хөгжүүлэх, спортоор дамжуулан эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд Ким Ун Ён сантай хамтран ажиллахыг хүсч МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшигийг тус спорт хорооны зөвлөхөөр өргөмжилж, батламжийг гардуулж өглөө. 

Спорт хороог үүсгэн байгуулагч Ким Ун Ён нь БНСУ-ын ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, Олон улсын тэквондогийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан спорт олимпизмын зүтгэлтэн билээ.