Цаг үеийн мэдээ

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна.

Салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 01/20 дугаартай удирдамжийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс БОАЖЯ -ны салбарын хяналтын газар, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.

Илэрсэн зөрчлийн талаар:

Хяналт шалгалтад 42 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас давхардсан тоогоор дараах зөрчил илрэв. 

- Газрын хэмжээг зөвшөөрөлгүй хэтрүүлэн ашигласан 7, 

- Зөвшөөрөлгүйгээр газар ашигласан 12, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй-5, 

- Ус ашиглах дүгнэлт зөвшөөрөлгүй -5, 

- Хаягдал усны дүгнэлт гаргуулаагүй-5, 

- Ойн болон усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай -25  зөрчил илрүүллээ. Илэрсэн зөрчилд хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад

- Газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналт, хэмжилт хийх;

- Илүү талбай хашаалсан зөрчлийг газар дээр нь арилгуулах, мэдэгдэл хүргүүлэх;

- Мал амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа хайсыг буулгуулж, орц гарц гаргуулах;

- Цэвэршүүлэх байгууламжийн хаягдал уснаас дээж авч шинжилгээнд хамруулах;

Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, Нүхэн жорлон угаадасны нүх стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.