Цаг үеийн мэдээ

"Тамгагүй төр” монгол драмыг “Mongol Khan” нэртэйгээр Лондон хотноо толилуулахаар болсон бөгөөд бэлтгэл ажил амжилттай үргэлжилж байна.

Тодруулбал, Английн  “West-end“-ийн “Coliseum” театрт энэ оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр нээлтийн тоглолтоо хийх бөгөөд жүжгийн тасалбар өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрөөс албан ёсоор худалдаанд гараад буй. Тус бүтээлийг арванхоёрдугаар 2-н хүртэл буюу сар орчмын хугацаанд Английн театрын тайзнаа тавьж, олон улсын үзэгчдийн хүртээл болгох юм. 

Тус бүтээлийг энэ  онд тохиож буй Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулахаар болсон. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг анх 1998 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдаж байсан бол найруулагч Б.Баатарын найруулгаар ийнхүү 25 жилийн дараа дэлхийн тайзнаа тоглогдох гэж байна.