Цаг үеийн мэдээ

Хүүхдийн спортын зуны VII наадмын бэлгэдлээр Монгол орны нэн ховор амьтан Мазаалайг сонгосон. Түүний тухай “Мазаалай" номд өгүүлсэн Мазаалай баавгайн тухай баримтуудыг та бүхэнд хүргэж байна.

1. Мазаалайг анх Оросын эрдэмтэн ургамал судлаач А.А.Юнатов болон газар зүйч эрдэмтэн Э.М.Мурзаев нар 1943 оны наймдугаар сарын 4-ний өдөр бодитоор олж харжээ.

2. Мазаалай Алтайн өвөр говь цөлийн Цагаанбогд, Шар хустын нуруу, Атас, Ингэс уулс зэрэг газрыг дамнан өөр хоорондоо уудам говиор зааглагдан гурван үндсэн байршилд амьдардаг.

3.  Эр Мазаалайг Шармаахай, харин эм Мазаалайг Эвш гэж нэрлэдэг бол төлийг нь Аламцаг гэж нэрлэдэг.

4. Мазаалайн тавхай хүрэн баавгайнхаас харьцангуй жижиг, хумс шулуун, урт, цайвар өнгөтэй. Нас бие гүйцсэн эр Мазаалайн хойд тавхайн урт 23.5 сантиметр хүрдэг. Мөн хойд хөлний тавхайн дунд хэсэг дотор талаасаа хонхойж ховил үүссэн байх ба түүндээ цөөн тооны бараан үстэй аж.

5. Эвш буюу эм мазаалай нь цээжиндээ хос хөхтэй бөгөөд аламцгаа хөхүүлэх үедээ дээш харан хэвтдэг байна.

6. Мазаалай бол элдэв идэшт амьтан. Гэхдээ идэш тэжээлийн ихэнх хувийг нь ургамал эзлэх бөгөөд түүний дотор бажууны үндэс, хармаг, махирсын жимс, зэгс, зээргэнэ, хависгана, регелийн шар модны навч, намхан гишүүний үндэс, найлзуур зонхилно.

7. Зуны улиралд үе үе элбэгших нөрмөг, царцаа, голио зэрэг шавьж болон амьтдын сэгээр хооллох нь бий. Иймд байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг аж.

8. Мазаалай байршдаг газар 20-30 сантиметр орчим гүнзгий ухсан ором байх нь элбэг. Тэр нь Мазаалай бажууны үндэс ухаж идсэн ул мөр юм.

9. Мазаалай зуны халуун өдрийг хадны сүүдэр, хонгил, өтгөн өвс, шагшуурган дотор хэвтэж өнгөрөөдөг бөгөөд зуны ид халуун үед мазаалай уст цэгийн орчим тогтвортой байршдаг. Гэвч зарим зун булгийн ус хатах учир Мазаалайд таагүй нөхцөл байдал үүсдэг байна.

10. Мазаалайн араг ясны олдвор нэн ховор. Цуглуулгад байгаа цөөн мазаалайн толгойн яс хүрэн баавгайнаас хэмжээний хувьд жижиг, хоан /ясан тагнайн арын сэтэрхий/ өргөн, харин шүдний хэмжээ ойролцоо байдаг байна.

11. Мазаалайн намар 11 дүгээр сараас эхлэн дараа оны гуравдугаар сар хүртэл ичдэг. Харин ичээндээ хатсан өвс, мөчир ашиглан зузаан хэвтэр засдаг байна.

12. Аламцагтай эвш багахан орон зайд харьцангуй тогтвортой байж ойрхон уст цэгүүдийг дамжин амьдардаг бол Шармаахай уудам орон зайд шилжин амьдардаг.

13. Судалгаагаар авшийн эзэмшил нутгийн хэмжээ 514 километр квадрат, шармаахайн эзэмшил нутаг 2,465-2,485 километр квадрат хүрэх бөгөөд бодгаль биесийн хооронд эзэмшил нутгийн давхцал их байдаг аж.

14. Зэрлэг тэмээ буюу Хавтгай дэлхийн хэмжээнд зөвхөн мазаалайн байдаг бүс нутагт зэрэгцэн амьдардаг байна.