Цаг үеийн мэдээ

Монгол Улсын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн түүхт 100 жилийн ойн ёслолын ажиллагаа 8 дугаар сарын 20-ны өдөр болно. Ардын журамт цэргээс үүсэлтэйгээр 100 жилийнхээ буурал түүхийг бичиж, эгнээнээсээ 10 баатар төрүүлсэн тус нэгтгэл нь Ардын Засгийн газрын 1923 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 30 дугаар тогтоолоор “Хуягт тэрэгний анги” нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй.  

Түүхийн хүнд цаг хугацаанд буюу 1932 оны баруун дөрвөн аймагт гарсан дотоодын үймээн самууныг дарах үйл хэрэг, 1936 оны Монгол Улсын дархан хил хязгаарт гарсан тулгаралт, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайны галын шугам дээр бат найдвартайгаар зогсож, ялалтын тугийг мандуулалцсан гавьяатай хамт олон.  Эх орныхоо бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж, өнөөдрийн энх цагийг авчралцсаны нотолгоо нь эгнээнээсээ БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэн, М.Жанчив, Л.Аюуш, С.Дампил, Д.Данзанваанчиг, Б.Цог, Д.Хаянхярваа, Л.Гэлэгбаатар, Ш.Гонгор, Т.Дүүдэй нарын арван эрэлхэг баатрууд төрөн гарсан үйл явдал юм. 

Нэгтгэлийн дайчин түүх, баатарлаг үйлсийг үнэлж, БНМАУ-ын СнЗ-ийн шийдвэрээр 1952 оны 2 дугаар сарын 05-ны өдөр БНМАУ-ын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит болгож, 1968 онд Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, 1973 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ. 

Түүхт ойгоо угтаж нэгтгэлийнхэн 100 бүтээлч ажил өрнүүлж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх, ажиллах орчин нөхцөлийг дээшлүүлэх хүрээнд олон нийтэд болон алба хаагчид руу чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсээр байна.

Тэд түүхт ойн баярын өдрөөрөө нэгтгэлийнхээ байрлалд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлага, ахмадууд, үе үеийн дайчин нөхдөө урьж, маршал Х.Чойбалсангийн гэрэлт хөшөө, нэгтгэлээс төрсөн арван баатрын хүндэтгэлийн талбайг нээх ёслол, цэргийн ёслолын жагсаал, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, бэсрэг наадам зэргийг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.