Цаг үеийн мэдээ

8 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хэрлэн, Ерөө голуудын эхээр, Онон, Балж голууд Дадал сум орчмоор, Туул гол Улаанбаатар  хот орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдсэн. 

Орхон, Хараа гол, Үүр гол, Халх, Онон, Балж, Хэрлэн гол, Туул  гол орчимд үерийн түвшинг 10-35 см, Сэлбэ гол, Онги гол орчимд үерийн түвшинг 5-10 см даван үерлэж байна. Харин Хүдэр гол орчимд үерийн аюултай түвшин 13 см даван үерлэж байна.

Цаашид: 8 дугаар сарын 9-нд Туул гол Алтанбулаг сум, Ерөө гол Дулаанхаан сум орчмоор усны түвшин 10-15 см нэмэгдэх хандлагатай байна. Мөн баруун аймгуудын ихэнх хэсэг, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Иймд голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллагууд, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.