Цаг үеийн мэдээ

Өнөөдөр буюу наймдугаар сарын 8-нд Улаанбаатар хотод тарваган тахал өвчний нэг тохиолдол бүртгэгдлээ. Иргэн Г нь наймдугаар сарын 2-нд найзын хамт Хэнтий аймгийн Биндэр сум руу явсан бөгөөд 4-нд тарвага идсэн байна. Харин наймдугаар сарын 7-нд хотод гэртээ ирж, 21:30 цагт түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Тус үзлэгээр тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж үзэн, ХӨСҮТ рүү шилжүүлсэн нь батлагджээ.

Өвчтөнийг ХӨСҮТ-д тусгаарлан, эмчилгээг эхлүүлсэн. Хэнтий аймгийн ЗӨСТ голомтод хариу арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн нэгдүгээр хавьтлын таван хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх эмчилгээг эхлүүлжээ. Түүнчлэн ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг голомтод ажиллаж байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан иргэдэд ЗӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

 Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;

 Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;

 Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;

Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.