Цаг үеийн мэдээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 7 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 04-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.910, мөрдөн байцаалтын 2332 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 118, Өмчлөх эрхийн эсрэг 61, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Хүний амьд явахын эсрэг 3, Авлига, албан тушаалын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, нийт 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.     

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргааны удирдлагын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Э, мэргэжилтэн Г.Э нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “А” төрийн бус байгууллагад тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт явуулах давуу байдал бий болгож, байгаль орчинд хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Монголын төмөр зам ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын Нягтлан бодох бүртгэлийн албаны ахлах нягтлан Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Х” ХХК-н ажил хийгдээгүй, гэрээ дүгнэгдээгүй байхад санхүүжилтийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

- Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оноос 2021 онд хүртэл өөртөө ур чадварын нэмэгдэл олгож, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1  дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.