Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.ЭНХТАЙВАН:

-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 16 аж ахуйн нэгж, байгууллагад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санал хүргүүлж, үерийн далан задарсан байршлуудад элс, хайрга, дайрга нийлүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд голын экологийн болон үерийн урсац тохируулах, усны нөөц бүрдүүлэх, бичил уур амьсгалыг сайжруулах зорилгоор 11 га талбайд 280.000 м3  бүхий хөв цөөрөм байгуулах ажлын далангийн барилга угсралтын ажлыг дуусгаад байна. 

Цас бороо болон үерийн усыг хуримтлуулах, урсацыг тохируулах зорилгоор нийслэл орчимд хөв цөөрөм байгуулах шаардлагатай 14 байршлын судалгааг гаргасан. 

“Улаанбаатар хот орчимд Туул голын усны эрдэсжилт, хүчилтөрөгчийн горим болон бусад бохирдуулах бодис хэвийн, харин хотын Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус Туул голд нийлснээс доош  маш их бохирдолтой байна” гэсэн судалгааны үр дүн гарсан. 

Туул голын болон түүний цутгал голуудын усны бохирдол нь үерийн ус болон олон жилийн нөлөөллөөс шалтгаалан бохирдсон боловч голын ёроолын хагшаасны бохирдлын судалгаа шинжилгээ хийх лабораторийн нөхцөл боломж дутмаг байгаа тул шийдвэрлэх шаардлагатай.