Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2023.09.10/ МУЭ-ийн Ховд аймаг дахь салбар холбоо "ХОВД АРТ ГАЛЕРЕЙ"-г нээлээ. 

Тус галерейг МУЭ-ийн нэрэмжит шагналт уран зураач усан будгийн нэрт мастер Д.Мишигийн нэрэмжит болгожээ. 

Учир нь Ховд аймгийн төдийгүй Монголын олон нэрт зураачдыг төрүүлэн гаргасан уран бүтээлч. Мөн орон нутгийн зураач, урчуудын бүтээлд Д.Мишиг гуайн арга барил илүү туссан байдаг. Тиймээс түүний уран бүтээлийн арга барилыг залуу хойч үедээ өвлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, зураач урчуудын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, тэдний хамтын ажиллагааг сайжруулахад тус галерей ач холбогдлоо өгнө гэж үзэж байна.

Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газраас орон нутгийнхаа зураач, урчуудыг дэмжиж тэдний хүсэлтийн дагуу байраар хангаснаар ийнхүү үүдээ нээлээ. 

Арт галерейн нээлтэд аймаг, орон нутгийн удирдлагууд, МУЭ-ийн Ерөнхийлөгч П.Ганбат, Д.Мишиг агсны охин Энхцэцэг оролцож уран бүтээлчдэд амжилт хүслээ. 

“Ховд арт галерей”-н нээлтэд зориулж орон нутгийн зураач, урчуудын бүтээлээр үзэсгэлэн гаргажээ. 

Үзэсгэлэнд Д.Мишиг агсны гурван бүтээл тавигдсан байна. Цаашид түүний 700 гаруй бүтээлийг тус галерейд байршуулахаар төлөвлөөд байна. 

80 жилийн түүхтэй Монголын урчуудын эвлэл 21 аймагт салбар холбоогоо сэргээж үйл ажиллагаа нь сайжруулсаар байна. 

Ховд аймгийн салбар холбоо нь 20 гаруй гишүүнтэй. Салбар холбооны тэргүүнээр зураач Б.Аюурзана ажилладаг.