БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Ч.Гандирваагаар ахлуулсан бүрэлдэхүүн Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Чулуут суманд “БИДНИЙ БАХАРХАЛ” төслийг амжилттай зохион байгууллаа.
Энэ үеэр сумын иргэд, хүүхэд залууст БХЯ, ЗХЖШ, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулиас танилцуулга хийсний зэрэгцээ Батлан хамгаалахын төв архив лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлж, “Алдар” спорт хороо 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хэсэгчилсэн тоглолтоо толилуулав. Мөн БХЯ-ны харьяа “Соёмбо” редакцаас бэлтгэсэн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдын талаарх баримтад кино, контент, Монгол цэргийн музейн үзэсгэлэн, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 142 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн үзүүлбэр, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт, үдшийн цэнгүүн зэрэг арга хэмжээг иргэдэд хүргэлээ.
Архангай аймгийн Чулуут сум нь 1924 онд байгуулагдсан бөгөөд хангайн нурууны ноён оргилуудын нэг далайн түвшнээс дээш 3348 метрт өргөгдсөн Цогтсүмбэр хайрхан, мөн салбар уулсаас эх авч урсдаг тунгалаг уст Чулуут гол зэрэг байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд болон Төв Азийн өндөрлөг дэх эртний нүүдэлчдийн соёл, хөшөө, зураг бичээс зэрэг түүхийн дурсгалт өвийг хадгалж үлдсэн нутаг юм.