Цаг үеийн мэдээ

Бидний өвөг дээдэс тууль хайлж, үлгэр домог, ерөөл магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбэрлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээж иржээ.  Монголын уламжлалт өв  соёл тууль нь гайхамшигтай уран яруу хэлтэй. Хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрддэг бөгөөд олон хоног үргэлжлэн хайлдгаараа онцлогтой.  

Увс аймгийн Ховд сумын хөгжмийн багш И.Төгсөө дөрвөд туулийг хадгалан хамгаалж үлдэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд зорьж явна. Тэрээр  баруун монголын алдарт икэлч, туульч аав Бомборын Идэш, ах И.Нэргүй нараас дөрвөдийн икэлийн татлага, тууль хайлах өв уламжлалыг сурсан байна.

- Дөрвөд угсаатны “Алтай хайлах” тууль 

- “Хангал ташаа хар хээр морьтой хаан цэргийн өвгөн” тууль 

- “Сариг цагаан ингэний  Өнчин цагаан ботго”  тууль 

- “Бум эрдэнэ” 

- “Хил хөх морьтой хүйтэн зориг ноён”  туулийг хайлж, өвлөн уламжилж байна. 

И.Төгсөө: Судалгаагаар дөрвөд угсаатны 13 орчим тууль өвлөгдөн үлдсэн байдаг. Гэтэл одоо 4-5 тууль л хайлагдаж байна. Монголчууд эмэгтэй хүн тууль хайлахыг цээрлэдэг ч би дөрвөд угсаатны туулиа авч үлдэхийн тулд тууль хайлж, ааваасаа сурсан зүйлээ шавь нартаа өвлүүлж явна хэмээн хуучилсан юм.

Увс аймгийн Ховд сумын хөгжмийн багш И.Төгсөө Икел хөгжмийн Дөрвөд шувтарга 

- Жороо морины явдал 

- Балчин хээр 

- Дөрвөн ойрадын уриа 

- Ээвэн голын урсгал 

- Цацал гэх зэрэг 20 гаруй аялгууг өвлөн уламжилжээ. Мөн сумынхаа соёлын төвд хөгжмийн багшаар  тасралтгүй 16 дахь жилдээ ажиллаж, 300 орчим шавь бэлтгэсэн байна. Тэрээр хүүхэд багачуудад үндэсний  хөгжим икэл, ятга, ёочин, морин хуур, казах үндэсний хөгжим доомбор,  төгөлдөр хуур хөгжмийг заан сургаж байна.

Таны сурталчилгаа