Цаг үеийн мэдээ

Тогтвортой хөгжлийн төлөөх улс төрийн дээд түвшний чуулга уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Нью-Йорк хотноо эхлэв. 9 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд болох энэхүү чуулга уулзалтыг нээж НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 78 дугаар Чуулганы хуралдааны Ерөнхийлөгч Деннис Фрэнсис, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Паула Нарваез нар тус тус үг хэлэв. 

 Дээд түвшний уулзалтын нээлтийн дараа гишүүн улсууд “Улс төрийн тунхаглал” баримт бичгийг санал нэгтэй батлав. 

Дээд хэмжээний чуулга хуралдааны хүрээнд гишүүн орнуудын төр, засгийн тэргүүнүүд болон өндөр түвшний төлөөлөгчид оролцож буй 6 хэлэлцүүлэг болж байгаа бөгөөд гишүүн улс орнууд эдгээр хэлэлцүүлэгт тогтвортой хөгжлийн хүрээнд шинээр дэвшүүлэх, хүлээх үүрэг, амлалтаа мэдэгдэх юм. 

Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилтод гарах ахицыг хурдасгах гол шилжилтийн арга хэмжээнүүдийг нэмэгдүүлэх нь” сэдвээрх удирдагчдын хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл, геополитикийн хурцадмал байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүндхэн сорилтуудын дараа Монгол Улсын зүгээс тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Эрүүл Монгол хүн” зэрэг санаачилгуудын хүрээнд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж буй талаар онцолж, цаашид “Үндэсний сайн дурын илтгэл”-ээс гарсан үр дүнд үндэслэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд оролцогч бүх талуудын оролцоог ханган үндэсний үүрэг амлалтуудаа тодорхойлоод байгаа талаар мэдэгдлээ.

Таны сурталчилгаа