Цаг үеийн мэдээ

БНФУ-ын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд "Чингис Хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн 2023 оны 10-р сарын 14-өөс 2024 оны 5-р сарын 5 хүртэл зохион байгуулагдана. 

Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, музейн салбарыг чадавхжуулах олон талт ажлуудыг төлөвлөн, бэлтгэл ажлууд үе шаттайгаар хийгдэж байна.

Үзэсгэлэн нь хоёр улсын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор зохион байгуулагдах бөгөөд Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэгдэнэ.

Чингис хаан болон түүний залгамжлагчид XIII зуунд Дорноос Өрнө дахинд, Хятадаас газар дундын тэнгис, Умардаас Өмнө зүг, Орос, Персийг хамарсан агуа том эзэнт гүрнийг байгуулсан. Үүнтэй дүйцэх эзэнт гүрнийг Агуа Александр, Эртний Ром хүртэл байгуулж чадаагүй билээ. Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц Улс төдийгүй бусад орнуудад  өмнө нь дэлгэгдэж байгаагүй нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог юм.

Зохион байгуулалтын тухайд:

Нант хотын Түүхийн музейн өөрийн хэвлэл, сурталчилгааны албанаас гадна музей Францын Arte, Liberation, Telerama, le Monde, France Culture зэрэг томоохон нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Үзэсгэлэнгийн агуулгын түүхэн  цаг хугацааны хамрах хүрээ: 

НТӨ 2-р зуунаас НТ-ын 14-р зуун.

Үзэсгэлэнгийн дэглэлтийн бүтэц:

Үзэсгэлэн нь дараах сэдвийн дагуу 7 хэсэг, цаг үед хамаарна:

​1. Танилцуулах хэсэг:

Монголын эзэнт гүрэн ба Францын хаант улс

​2. Чингис хааны өмнөх талын эзэнт гүрнүүд 

(Хүрэл зэвсгийн үеэс XII зуун)

​3. Чингис хаан (1160-1227)

​4. Эзэнт Гүрэн (1228-1368)

​5. Монголын их солилцоо

​6. Шинэ ертөнц ба эзэнт гүрний бутрал

​7. Төгсгөл хэсэг, уусах орон зай

Үзэсгэлэнг Францын Түүхийн болон Луврын музей, Берлин, Цюрих, Брюселын музейтэй хамтран зохион байгуулна.