Цаг үеийн мэдээ

“Ханжоу 2022” Азийн Наадмын талбайн теннисийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо эхний тойрогт Саудын Арабын Яра Алхогбаниг 6:0, 6:1-ээр илүүрхсэн.

Тэрбээр хоёрдугаар тойрогт энэ тэмцээнийг чансаагаар тэргүүлэгч, БНХАУ-ын Чин Вэн Жэнтэй учраа таарч, 59 минут үргэлжилсэн тоглолтод 0:6, 0:6-гаар манай тамирчин хожигдол хүлээв. 

БНХАУ нутагтаа зохион байгуулж буй Азийн Наадамд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь илгээсэн тамирчдынх нь чансаагаар мэдэж болно. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд ATP ангиллын тэмцээнд түрүүлсэн анхны Хятад теннисчин И Бин Ву өрсөлдөж байгаа билээ.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эзэн орныг төлөөлж буй Чин Вэн Жэн тивдээ төдийгүй дэлхийн шилдэг теннисчин. Өнгөрсөн сард болсон Америкийн Их Дуулга тэмцээний шөвгийн наймд шалгарч, замналынхаа оргил амжилтыг үзүүлсэн 20 настай бүсгүй өдгөө дэлхийн чансааны 23-т жагсаж буй.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд М.Бадрах Вьетнамын шилдэг теннисчин Ли Хоан Намтай учраа таарч, 1:6, 2:6-гаар дийлдлээ.

Эмэгтэй хос төрөлд эгч дүүс болох Ч.Маралгоо, Ч.Мартаа нар эхний даваанд Катарын хосод нэг ч оноо алдалгүй, 6:0, 6:0-ээр илүүрхэв. Эгч дүүс дараагийн даваанд энэ тэмцээний чансаагаар хоёрдугаарт бичигдэж буй Хятадын Тайпэй багтай өрсөлдөнө.

Гэрэл зургийг: Ч.Ганболд