Цаг үеийн мэдээ

Энэ удаагийн Азийн Наадамд эргэн ирсэн спортын төрөл бол шатар. Анх 2006 оны Дохагийн Азийн олимпын хөтөлбөрт багтаж байсан 2010 оны Гуанжоугийн Азийн Наадмын дараа хөтөлбөрөөс хасагдсан юм. Хоёр олимпын дараа (Инчён, Жакарта) "Ханжоу 2022"-д эргэн ирсэн шатрын төрлөөр эр, эм ганцаарчилсан болон багийн төрлөөр медальтнууд тодрох юм. 

21 орны 141 шатарчин ухаанаа уралдуулж буй тус тэмцээнд Монголоос 10 тамирчин оролцож байгаа билээ. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд их мастер С.Билгүүн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, эмэгтэй ганцаарчилсан төрөлд эмэгтэй их мастер Т.Мөнхзул, олон улсын мастер Б.Мөнгөнтуул нар өрсөлдөнө. 

Ганцаарчилсан төрөлд 9 өрөг тоглоод энэ сарын 27-нд дүнгээ гаргах юм.