Цаг үеийн мэдээ

Азийн Наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг “B” хэсэгт талбайн эзэн БНХАУ, Хятадын Тайпэй болон Хонконг Хятадын багтай өрсөлдөх билээ.

Уг нь Ливаны баг энэ хэсэгт багтсан ч олон тоглогч нь гэмтэлтэй байгаа тул эцсийн мөчид нэрээ татсан юм. Тус багийн оронд Хонконгийн шигшээ оролцохоор болсон билээ.

Манай залуус нээлтийн тоглолтоо БНХАУ-ын эсрэг хийж, 50:89-өөр дийлдлээ. Талбайн эздээс Кевин Жан 19 оноо авч, бусад тоглогчдоо манлайлсан бол манай талаас О.Тулга 8 оноо авчээ. 

Монголын шигшээ хэсгийн дараагийн тоглолтоо Хонконгийн эсрэг энэ сарын 28-нд тоглоно. Улмаар 30-нд Хятадын Тайпэйтай өрсөлдөх юм. Дашрамд, хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн 8-д үлдэх эрхээ шууд авах бол үлдсэн дөрвөн эрхийн төлөө найман баг нэмэлт тоглолт хийх билээ.

Гэрэл зургийг: Э.Харцага

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо